Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг бусад орон нутгийн сайн туршлага, бодлого төлөвлөлт, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, орон нутгийн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох, төлөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Хангал, Хутаг-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хорооны дарга А.Сод-Эрдэнэ “Сумын ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүй” сэдвээр мэдээлэл хийж, төлөөлөгчдийн ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага, олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд ёс зүйн манлайллын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Мөн аймгийн ИТХ-ын Бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Норжинсүрэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ерөнхий ойлголт, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, үүрэг, чиг үүргийн талаар мэдээлэл өглөө.
Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Баярцэнгэл “Худалдан авах ажиллагаа зохион байгуулах” сэдвээр мэдээлэл хийж, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтын үе шат, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод, үр ашигтай худалдан авах ажиллагааг хангах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Түүнчлэн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Б.Баттөгс “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийж, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд, хуульд заасан хугацаанд нийтлэх шаардлага, хэрэгжилтийн явцад түгээмэл гарч буй зөрчил, дутагдал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулга өглөө.
Энэхүү сургалт нь сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй, хариуцлагатай оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
