Эрхэм хүндэт Булган хангай нутгийн иргэд, зон олон болон манай цахим хуудсанд зочилж буй та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэн бэхжүүлэх, иргэдийн эрх ашиг, санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусгах, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид иргэдийн оролцоонд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай, үр нөлөөтэй төлөөллийн байгууллага байж, аймаг орон нутгийнхаа тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжсэн бодлого, шийдвэрийг хамтын оролцоотойгоор хэрэгжүүлэхийг алсын хараагаа болгон ажиллаж байна.
Булган аймаг нь үзэсгэлэнт байгаль, түүх, соёл, байгалийн баялаг, хөдөлмөрч иргэдээрээ бахархдаг билээ. Энэхүү сайхан нутгийнхаа хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, шийдвэрийг батлан хэрэгжүүлэхийн төлөө бид хичээнгүйлэн ажиллах болно.
Энэхүү цахим хуудсаараа дамжуулан иргэн таны мэдэх эрхийг хангаж, Хурлын үйл ажиллагаа, тогтоол шийдвэр, цаг үеийн мэдээ мэдээллээ шуурхай, нээлттэй хүргэхийн зэрэгцээ та бүхний санал хүсэлт, бүтээлч санаачилгыг үргэлж сонсон, хамтран ажиллахад бид нээлттэй байх болно.
Иргэд та бүхнийг төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө идэвхтэй хамтран ажиллахыг урьж байна.
Булган хангай нутаг минь хөгжин дэвжих болтугай.
Хүндэтгэсэн
Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Д.МЭНДСАЙХАН
