Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд төрийн дээд шагнал болох “Алдарт эх”-ийн I, II одон гардуулах ёслол Булган аймагт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Энэ жил аймгийн хэмжээнд Алдарт эхийн нэгдүгээр одонгоор 31 ээж, хоёрдугаар одонгоор 192 ээж буюу нийт 223 ээж шагнагдаж байна. Өнөөдөр одон хүртэж буй эхчүүдийн олонх нь 33-39 насных байгаа бол хамгийн залуу ээж 27 настай байна.
Монгол эх хүний хайр энэрэл, тэвчээр хатуужил, ухаан билэг нь айл гэрийн гал голомтыг бадрааж, улс орны ирээдүй болсон үр хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг билээ.
Ийнхүү Алдарт эхийн одонгоор шагнандсан эрхэм хүндэт ээжүүддээ халуун баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал, үр хүүхдүүдэд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
