БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЭМГЭНЭЛ

2026-05-26

Төр, нийгмийн зүтгэлтэн, академич, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Боржигин-Тавт овогт Жигжидийн Болдбаатар таалал төгсөж, төрөлх Булган аймаг төдийгүй Монголын шинжлэх ухаан, боловсролын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Боржигин-Тавт овогт Жигжидийн Болдбаатар нь 1948 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн. 1971-1991 онд МУИС, Намын дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, төвийн эрхлэгч, 1991-1996 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, намын дэд дарга, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1996-2011 онд МУИС-ын Түүхийн тэнхимийн эрхлэгч, Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, 1998-2013 онд Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн, 2014 оноос эдүгээ хүртэл ШУА-ын Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн зөвлөх, тус хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв. Мөн МУИС-ийн профессор, ШУТИС болон хэд хэдэн хувийн дээд сургуулийн хүндэт доктор профессор, түүх, философи, цэрэг, олон улсын харилцааны чиглэлээр шинжлэх ухааны докторын болон боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монголын түүхчдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа.
1979 онд Москвагийн Нийгмийн ухаааны академид түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1991 онд докторын зэрэг хамгаалсан. 2004 онд ШУА-ын жинхэнэ гишүүн буюу академич хэргэм хүртсэн.
Тэрбээр “Монгол Улсын төр, эрхзүйн түүхэн уламжлал”, “Монгол Улсын Засгийн газрын тэргүүн”, “Монголчууд дэлхий дахины түүхнээ”, “Чингис хаан”, “Эрдэнэ дайчин чин ван Ханддорж”, “Амар сайд”, “Монгол түмний сод хүмүүс” зэрэг 60 гаруй нэгэн сэдэвт зохиол, 50 гаруй хамтын бүтээлд зохиогчоор оролцон, эрдэм шинжилгээний 170 гаруй сурталчилгааны 130 гаруй өгүүлэл нийтлүүлж, 130 гаруй ном товхимол редакторлажээ. Мөн “Чин ван Ханддорж”, “Харьшгүй хүчит” уран сайхны кино зохиол, 40 гаруй баримтат зохиол бичжээ.
Тэрбээр эх орныхоо түүх соёл, төрт ёс, шинжлэх ухааны хөгжилд амьдралынхаа үнэт он жилүүдийг зориулсан эрхэм хүмүүн байлаа.
Түүний хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2004 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, 2007 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2022 онд Ардын багш цолоор шагнасан билээ.
Түүний мэдлэг оюун, эрдэм судлалын хөдөлмөр, эх түүхээ дээдэлсэн үзэл санаа нь хойч үед өв болон үлдэж, Монголын шинжлэх ухаан, боловсролын салбарын түүхэнд мөнхөд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нар, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 364
95 / 26%
33 / 9%
19 / 5%
16 / 4%
194 / 53%
7 / 2%