Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт өнөөдөр Булган аймагт эхэллээ.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн удирдлагууд, салбарын мэргэжилтэн, малчин, тариаланч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч зэрэг 400 гаруй төлөөлөгч оролцож байна.
Арга хэмжээг нээж Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир хойд бүсийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар танилцууллаа. Тэрбээр бүсийн хэмжээнд 29.6 мянган малчин өрх, 9.4 сая толгой мал, 83.7 мянган га тариалангийн талбай байгааг онцолж, ухаалаг хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээр нэрлэв.
Ерөнхий сайд Н.Учрал уулзалтад оролцож, Засгийн газрын бодлого, 2026-2030 оны хөгжлийн зорилтын талаар мэдээлэл өглөө.
Мөн дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, экспорт нэмэгдүүлэх, хяналт шалгалт, бичиг баримтын дарамтыг бууруулах арга хэмжээг танилцуулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат танилцууллаа.
Тус арга хэмжээ нь үдээс хойш мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, мал эмнэлгийн салбарын уулзалтаар үргэлжилнэ.
