Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Цамбын Пүрэв-Очир, гэргий Санжмятав Ононтуул нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монголын Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит малчин түмнээ алдаршуулдаг эрхэм хүндтэй шагнал болох 48 дахь удаагийн “АЛТАН ТУГАЛ”-ны эзнээр шалгарч, шагналаа гардан авлаа.
Тэд 30 гаруй жилийн турш мал аж ахуйн салбарт тасралтгүй хөдөлмөрлөж, буянт сүргээ өсгөн үржүүлж, нутаг орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсан туршлагатай малчид юм. Хөдөлмөрч, хичээнгүй зан, мал маллах уламжлалт арга ухаанаа орчин үеийн менежменттэй хослуулан ажилласны үр дүнд тэд аймаг, сумандаа нэр хүндтэй, залуу малчдад үлгэр дуурайл болсон билээ.
Ц.Пүрэв-Очир нь аймгийн “Аварга малчин” цол хүртэж, нэрт хөдөлмөрч, баатарлаг үйлсээрээ алдаршсан хоньчин Зундуйн Очир-ын нэрэмжит шагнал зэрэг шагналаар шагнагдсан хөдөлмөрийн манлайлагч юм.
“Алтан тугал”-ын эзнээр тодорсон нь тэдний олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн бодит үнэлгээ төдийгүй малч түмний бахархал, залгамж хойч үедээ өвлүүлэх үнэт туршлагын баталгаа боллоо.
Та бүхэндээ халуун баяр хүргэж, буянт мал сүрэг нь өсөн үржиж, ажил үйлс нь арвижин дэлгэрэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.







