Сүрээр дарагч хэмээх "ГАЛ МОРИН" жилийн босгон дээр Булган аймгийн Баян-Агт сумын Баянзүрх багийн малчин Л.БатЭрдэнэ, Түүний гэргий Ж.Эрдэнэтуяа нар “Улсын аварга малчин” хэмээх хүндэт цолыг хүртлээ. Тус шагналыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ж.Ганболд, Засаг дарга Д.Пүрэв-Очир болон салбарын дарга нар, Баян-Агт сумын удирдлагууд гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Л.Бат-Эрдэнэ нь эцэг өвгөдөөс өвлөж авсан мал маллагааны уламжлалт арга барилд тулгуурлан зах зээлийн нийгмийн эрэлт хэрэгцээ, байгаль цаг уурын эрс тэс нөхцөл байдалд тохируулан малын төрөл тус бүр дээр сүргийн бүтцийг оновчтой хийж мал сүргээ тасралтгүй тогтвортой өсгөж ирсэн онцлог арга барилтай малчин юм.
Тэрээр малын төрөл тус бүр дээр амьдрах чадвар, ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх бодлого барин адуун сүргийг нутгийн Монгол үүлдрээр, үхрийг махны чиглэлээр буюу Сэлэнгэ үүлдэр, хонины мах ноосны ашиг шимийг өсгөхөд анхаарч Хөвсгөл аймгийн Дархад омог, Сүхбаатар аймгийн Үзэмчин, ямааны ноолуурын гарц чанарыг сайжруулах зорилгоор Хөвсгөл аймгийн Эрчмийн хар, ямаагаар тус тус цус сэлбэн сайжруулж амьдрах чадвар, чанар ашиг шимийг тасралтгүй нэмэгдүүлж, тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Зулай хөөвөр” мал эмнэлэг үржлийн нэгжтэй гэрээ байгуулан мал сүргийг халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж байна.
Л.Бат-Эрдэнэ нь өөрөө мал маллахын зэрэгцээ малгүй өрхийг туслах малчнаар авч малжуулах, орон гэргүй залуучуудын амьдралд дэмжлэг үзүүлэх, төрийн бус байгууллага болон олон нийтийн арга хэмжээ уралдаан тэмцээнийг ивээн тэтгэх зэргээр өөрийн хөдөлмөрийн үр шимээр бий болгосон баялгийг нутгийн зон олонтойгоо хуваалцахад чин сэтгэлээсээ ханддаг нэгэн юм.
Л.Бат-Эрдэнэ орчин цагийн бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийн амжилтыг нь үнэлж 2008 онд мянгат малчин болж, 2014 онд Сумын сайн малчин, 2015 онд сумын 90 жилийн ойн медаль, 2016 онд “Аймгийн сайн малчин” 2017 онд “Хөдөлмөрийн хүндэт”, 2023 онд Монголын радиогийн “Алтан төлийн эзэн”-ээр тус тус шагнагдсан байна.
