Булган аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой амжилт гаргаж, мал сүргийнхээ үүлдэрлэг байдлыг сайжруулан, цөөн малтай өрхийг малжуулж, мал маллах арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа Дашинчилэн сумын Хараат багийн малчин А.Болдсайхан, Орхон сумын Бүхт багийн малчин Ч.Пүрэвсүрэн, Баян-Агт сумын Дулаанхаан багийн малчин Р.Нямсүрэн, Тэшиг сумын Харгал багийн малчин Ж.Дашбалжир, Бүрэгхангай сумын Цахт багийн малчин Ж.Уртнасан, Могод сумын Баянгол багийн малчин Х.Энхболд, Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Д.Түвшин нарыг Монгол Улсын хөдөө аж ахуйн Хөдөлмөрийн ууган баатар, хоньчин З.Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагналаар, газар тариалангийн үйлдвэрлэлд тогтвортой ажиллаж аймаг, сумынхаа ард иргэдийг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байгаа хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Хангал сумын ногоочин Ж.Галбадрахыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналаар тус тус шагналаа.
Мөн Булган аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар болох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, ур чадвар, бүтээмжээрээ манлайлан ажилласан шилдэг малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олныг шалгарууллаа.
Энэхүү хүндэт шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, ИТХ-ын дарга Ж.Ганболд, Засаг дарга Д.Пүрэв-Очир нар гардууллаа.
Ёслолын үйл ажиллагаанд аймаг, сумдын удирдлагууд, салбарын мэргэжилтнүүд, шагнал хүртэгчид болон тэдний гэр бүлийнхэн оролцож, хөдөлмөрч хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ.
Шагнал хүртсэн нийт эрхмүүд та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь эрүүл энх, их амжилтыг хүсэн ерөөе.
