БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ГУРВАНБУЛАГ СУМААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ТОДОРЛОО

2026-02-10

Сүрээр дарагч хэмээх "ГАЛ МОРИН" жилийн босгон дээр Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт 3 дугаар багийн малчин Б.Эрдэнэбилэг болон түүний гэргий П.Энхтуяа нар “Улсын аварга малчин” хэмээх хүндэт цолыг хүртлээ. Тус шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ИТХ-ын дарга Ж.Ганболд, Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Жавзандолгор болон Гурванбулаг сумын удирдлагууд гардуулан хүндэтгэл үзүүллээ.
 
Б.Эрдэнэбилэг нь бага наснаасаа мал маллаж эцэг эхээс хөрөнгө болгон өгсөн 100 толгой мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж 2008 онд мянгат малчин болсон амжилтаа өнөөг хүртэл хадгалан ирсэн бөгөөд тэрээр малыг удам гарваль, ашиг шим, бие бялдраар нь шилэн сонгох болон малыг эмчлэх ардын уламжлалт аргыг бүрэн эзэмшсэн, төл малыг бойжуулахдаа хашихгүй задгай аргаар бойжуулдаг, отор нүүдлийг сард 5-6 удаа хийж малын тарга хүчийг жигд сайн авхуулдаг удам дамжсан малч ухаантай тэргүүний малчин гэр бүлийн нэг бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлд 35 жил тасралтгүй үр бүтээлтэй хөдөлмөрлөж байна.
 
Мөн төр захиргааны байгууллагатай хамтран ажиллаж, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийг малжуулах, тэдний амьдрал ахуйг дэмжихэд анхаарч хамтран ажилладаг юм.
 
Эднийх адуун сүргээ Сүхбаатар угшлаар, үхэр сүргээ сэлэнгийн сүү, махны чиглэлийн бухаар, хонин сүргээ эдильбай үүлдрийн хуцаар, ямаан сүргээ эрчмийн хар үүлдрийн ухнаар сайжруулж, өсгөн үржүүлж, сум орон нутгийнхаа малчдад үр төлөөс нь худалдан борлуулж нутгийн малын үүлдэр угсааг сайжруулахад хувь нэмэр оруулсан байна.
 
Б.Эрдэнэбилэгийн гэр бүл нь малаас гарах ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж сүүлийн жилүүдэд 1 хониноос 1,2кг ноос, 1 ямаанаас 300-350гр ноолуур, гүүнээс 100л үнээнээс 250л сүү сааж, 1 үхрээс гарах махны гарц 20-30% нэмэгдсэн нь нутгийн монгол малын стандартын дундаж хэмжээнээс 8-13% дээгүүр үзүүлэлттэй байгаа бөгөөд малынхаа үүлдэр угсаа чанарыг сайжруулахад анхаарч ирсний үр дүн юм.
 
Түүний ажил амжилтыг үнэлж 2008 онд сумын шилдэг залуу малчин, 2009 онд Монголын залуучуудын холбооны шилдэг залуу малчин алтан медаль, 2010 онд сумын сайн малчин, 2020 онд аймгийн сайн малчнаар шагнагдсан байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 347
91 / 26%
29 / 8%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%