Үндсэн хууль бол Монгол төрийн язгуур ашиг сонирхол, тусгаар тогтнолын баталгаа, ард түмний эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсны илэрхийлэл бөгөөд иргэн, төр хоёрын харилцааг хууль дээдлэх зарчимд тулгуурлан зохицуулсан үнэт баримт бичиг билээ.
1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиас эхтэй энэхүү түүхэн уламжлал нь Монгол Улсыг ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, эрх зүйт төртэй улс болон хөгжих бат бөх суурийг тавьж, 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар улам бүр батжин хэрэгжиж байна.
Энэхүү түүхэн өдөр бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эрхэмлэн эдлэхийн зэрэгцээ хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, хууль дээдлэх үзлийг төлөвшүүлэн, нутаг орон, улс эх орныхоо хөгжил дэвшилд идэвх санаачилгатай оролцох учиртай билээ.
Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг дээдлэн хамгаалж, хууль ёс, ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэх үйлсэд тууштай ажилласаар байх болно.
Эх орон минь амгалан тайван, төр нь бат бэх, түмэн олон нь эв нэгдэлтэй байхын өлзий ерөөлийг дэвшүүлж, Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн өдрийн мэндийг хүргэе.
