
Аймгийн ИТХ-аас Монгол УИХ-ын 2023 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигын эсрэг Үндэсний хөтөлбөр 2023-2030”, Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн ил тод, нээлттэй байдалд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлнэ.

Уг хяналтыг хэрэгжүүлэхээр журмын дагуу “Гэрэлт ирээдүй оршихуй” ТТБ шалгарч гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс байгууллагын ил тод нээлттэй байдалд олон нийтийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх тухай журам, анхаарах асуудал зэрэг сэдвээр арга зүйн зөвлөгөө өгч сургалт хийлээ.

Сургалтын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын ажлын албаны бодлого төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Норжинсүрэн, “Гэрэлт ирээдүй оршихуй” ТТБ-ын тэргүүн Х.Нарангэрэл болон олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх багийн гишүүд хамрагдлаа.

Олон нийтийн хяналтыг 2025 оны 11 дүгээр сарын 20-оос 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.


