Булган аймгийн Бүрэгхангай суманд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг ААН, байгууллагуудад Аймгийн ИТХ-ын даргын баталсан 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийх" ажлыг зохион байгууллаа.
Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо, аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Татварын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нар багтсан юм.
Тус хяналт шалгалтаар уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, аймаг, сумын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөний биелэлт, нөхөн сэргээлтийн ажлын тухай, хүний нөөц, ажиллах хүчин, Монгол Улсын татварын тухай хууль тогтоомжын хэрэгжилт, газрын төлбөр хураамж зэрэгтэй танилцлаа.
