2025 оны 10 сарын 28-ны өдөр ОХУ-ын БНБУ-ын Улан-Үд хотноо тус улсын Ардын хуралтай хамтран ажиллах хэлэлцээрийг Монгол Улсын Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Жаранживаагийн Ганболд болон Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Павлов Владимир Анатольевич нар байгуулж, гарын үсэг зурлаа.
Тус хэлэлцээрийн хүрээнд:
- Харилцан айлчилж, орон нутгийн засаг захиргаа, хууль тогтоомжийн туршлагаас суралцах, хамтран ажиллах,
- Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр мэдээлэл солилцох,
- Соёл, боловсролын холбоог бэхжүүлж, хамтарсан нөхөрсөг уулзалт, арга хэмжээг хамтран зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм.
"Энэхүү хэлэлцээр нь зөвхөн манай 2 байгууллагын төдийгүй хоёр аймгийн туршлага хуваалцах, хамтран ажиллах үүдийг нээж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ганболд онцоллоо.
