Тэртээ 1923 оны сүүлээр Эрх гүний хошууны ардууд хуралдаж, хошууныхаа нэрийг өөрчлөн Баян-Агт уулын хошуу гэж нэрлэсэн үеэс Баян-Агт сум үүсжээ.
1925 онд Баян-Агт сум Цэцэрлэг мандал аймгийн Намнан уулын хошуунаас тасран шинээр байгуулагдсан Хөвсгөл аймагт нэгдэж, 1938 оны 1-р сард Булган аймаг шинээр байгуулагдахад Хөвсгөл аймгаас 9 баг, 724 өрх, 2342 хүн ам, 40581 толгой малтай тасалж, Булган аймгийн Баян-Агт сум хэмээн нэрлэсэн юм.
Нэгдлийн олон олон сайчууд аймаг, улсын “тарга хүчний аварга хоньчин, ноолуурын аварга, хадлангийн аварга, төлийн аварга, аварга ямаачин, аварга саальчин” болж байлаа. Баян-Агтчууд эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх санал хураалтад идэвхтэй оролцож, эх орноо хамгаалах Халхын голын дайнд оролцож үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж байлаа.
Ардын Их Хурлын депутатаар Түнэгийн Жамъян, Очирын Янжмаа, Дондогийн Бямбаа, Дамбажамцын Дагвасамбуу, Сандагжавын Цэгмэд, Лхагважавын Дарьсүрэн, Өлзийхутагийн Чойжилсүрэн, Лувсангомбын Моломжамц, Мягмарын Марууш зэрэг аварга сайчууд, төр нийгмийн зүтгэлтнүүд сонгогдон ажиллаж байлаа. Баян-Агт сумыг генералуудын өлгий гэдэг бөгөөд генерал Ө.Чойжилсүрэн, Г.Түмэн, Л.Моломжамц нар энэ нутгаас төрсний дээр хөдөлмөрийн баатар хоньчин Д.Бямбаа, хөдөлмөрийн баатар барилгачин Д.Дагвасамбуу, хөдөлмөрийн баатар хоньчин С.Цэрэндорж нарын хөдөлмөрийн сайчууд төржээ. Хамгийн сүүлд л гэхэд 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын “Гавьяат тамирчин” цолоор шагнагдсан, сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулан энэ нутгийн үр сад билээ.
Аливаа төв суурин газрын амьдралын чанарын гол зүйлс бол дэд бүтэц байдаг. Төрийн 5 байгууллагын 4 нь шинэ байртай болж, ард иргэддээ төрийн үйлчилгээг хүргэж байна. 2019 оноос эхлэн төвийн нэгдсэн халаалт, байнгын цэвэр устай цэвэр усны даралтат цамхаг, цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугамтай болж төрийн байгууллагууд, зарим аж ахуйн нэгжүүд холбогдоод байна.
Анх сумын ард иргэдийн хандив, хамтын хүчээр босгож байсан Уурхайгаас сумын төв хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх ажил жил бүр хийгдэж байна.
Сумын айл өрхүүдийн цахилгааны шугамыг төмөр бетон тулгуур сип кабельтай болгох ажил хийгдэж одоогоор нийт шугамын 90% шинэчлэгдээд байна. Мөн сумын төвийн 2 км замыг хайрган хучилттай болгох, Хануйн гүүрний 2 талын 1,5 км замыг хайрган хучилттай болгох, Хануйн гүүрний баруун талыг чигээр нь сэтэлж аюулгүйн зам гаргах, бусад зам давааг засварлах ажлуудыг тодорхой давтамжтайгаар хийсээр байна.
Сумын хүн ам жил бүр тогтмол өсөж, 3300 гараад байна. Сумын сургууль 2014 оноос 12 жилийн сургалттай болж, жил бүр 500-с дээш тооны сурагчтай байна.
Тус сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон аймгийн тэргүүн дээд шагнал Ардын Хатанбаатар Магсаржавын шагнал, Засгийн газар, салбарын олон шагналаар хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн иргэддээ халуун баяр хүргэе.
