БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЭМГЭНЭЛ

2025-06-04

 
ОТГОНЫ ГАНТУЛГА
/1963-2025/
Булган аймгийн төр, нийгмийн ахмад ажилтан Отгон овогтой Гантулга нь 2025 оны 6 дугаар сарын 02-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, элгэн садан, эх нутгийн олон түмэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Отгон овогтой Гантулга нь Завхан аймгийн Шилүүстэй суманд 1963 онд төрсөн. 1981 онд Булган аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийг төгсөж, 1986 онд ХААИС-ийг агрономич, Удирдлагын академийг төрийн захиргааны удирдлагын арга зүйч, менежер мэргэжлээр төгссөн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны магистр, Монгол улсын Зөвлөх агрономич байсан билээ.
О.Гантулга нь ажил амьдралын гараагаа 1986 оноос Булган аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн газар тариалангийн хяналт сортын улсын байцаагч, аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт чанар, технологи хариуцсан агрономич, Хишиг-Өндөр сумын “Лениний зам” нэгдэлд ерөнхий агрономич, аймгийн Захиргааны Хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий агрономич, Хутаг-Өндөр сумын “Магсаржав” ХК-д ерөнхий захирал, Хутаг-Өндөр сумын Засаг дарга, Булган аймгийн ХХААГ-ын дарга, Эрчимжсэн мал аж ахуйн “Баялаг” төслийн орон нутаг хариуцсан менежер, УИХ-ын гишүүний орон нутаг дахь бие төлөөлөгч, Аймгийн Засаг даргын орон тооны зөвлөх, аймгийн Засаг даргын орлогч, ХХААГ-ын Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны дарга, аймгийн ерөнхий агрономичоор тус тус ажиллаж байлаа.
Тэрээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хутаг-Өндөр сумаас 3 удаа сонгогдож, орон нутгийн иргэд, сонгогчдын ажил, амьдралыг төр засагт хүргэх гүүр болон ажиллаж байсны сацуу аймаг, сумынхаа нийгэм, эдийн засаг ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.
Аймгийн ХХААГ-ын дарга, Засаг даргын орлогчоор ажиллахдаа Мал аж ахуй, Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, салбарын дэд хөтөлбөрүүд батлуулж, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан технологийн ололтыг өргөн нэвтрүүлэх, мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, салбарын удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан шинэ үүсгэл санаачилга гарган ажиллаж байсан билээ.
Тэрбээр “Булган аймгийн газар тариалангийн систем“ номыг боловсруулан бичилцсэн нь манай аймгийн газар тариалангийн салбарын томоохон ахиц дэвшил болсон юм. Түүний хичээл зүтгэлийн үр дүнд 80,0 гаруй мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж, 100 гаруй мянган тонн ургац хураан авч байсан нь, манай аймгийн түүхэнд хамгийн өндөр ургац авч байсан үе байлаа.
Талийгаач нь алдарт хоньчин Монгол улсын хөдөлмөрийн ууган баатар З.Очир, алдарт тариаланч Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит аймгийн шагналуудыг санаачлан гаргаж, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд өндөр хувь нэмэр оруулсан малчид, тариаланчдын хөдөлмөр бүтээлийг үнэлж, олон арван хөдөлмөрчин иргэд энэхүү шагналаар энгэрээ мялаасаар байна.
Түүний улсад 37 жил ажилласан хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар медаль, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан“, “Байгаль орчны тэргүүний ажилтан", “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медаль, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, "Алтан гадас" одон, "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор тус тус шагнагдаж байлаа.
О.Гантулга нь төр захиргааны байгууллага болон хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, ажил хөдөлмөр, амьдралаа зориулсан хөдөлмөрч хүндтэй хүн байлаа. Түүний ажилч хичээнгүй, хөдөлмөрч эгэл даруу зан, төр, түмнийхээ төлөө гэсэн хичээл зүтгэл, хүнлэг энэрэнгүй дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхэд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%