Дорждагвын Намнанбаяр (1989-2025)
Анхдагчдын өлгий Булган хангайн нутгийн хүү, залуу улс төрч Дорждагва овогтой Намнанбаяр нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд уй гашуу, нөхөж баршгүй гарз тохиолоо.
Бидний нөхөр Д.Намнанбаяр нь 1989 онд төрж, Рашаант сумын бага сургуульд 1997 онд элсэн орж, Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийг 2007 онд дүүргэж, 2007-2012 онд ОХУ-ын Москва хотод И.М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуулийг Газрын тосны инженерийн мэргэжлээр бакалавр, 2012-2013 онд магистр, 2017-2018 онд Удирдлагийн академид Бизнесийн удирдлагийн магистрын зэрэг хамгаалсан өндөр боловсрол, ёс зүй, харилцаа хандлагын үлгэр дуурайлалтай шилдэг боловсон хүчин байлаа.
Тэрээр ажлын гараагаа 2013-2019 онд Сод Монгол Группэд инженер, ерөнхий инженер, техникийн бодлого эрхэлсэн захирлаар, 2019-2025 онд Нью тур ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан залуу удирдагч нэгэн билээ.
Д.Намнанбаяр нь аймгийн Монгол Ардын Намын хорооны гишүүн, 2020-2024 оны орон нутгийн сонгуульд Хишиг-Өндөр сумаас нэр дэвшиж сонгогдсон Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олон түмнийхээ итгэл даасан төлөөлөгчдийн нэг байлаа.
Тэрээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа Эдийн засаг, хөгжлийн хорооны гишүүнээр ажиллан, аймгийн нийгэм-эдийн засаг-хөгжлийн тулгамдсан олон асуудал, хөдөөгийн хөгжил, хүүхэд залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх, нутгийн хөгжлийн гарц гаргалгаанд бодит судалгаа, дүгнэлттэй хандан олон тогтоол, шийдвэрийн төслийг санаачлан ажиллаж байсан.
Төрсөн нутагтаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, бүс нутгийн хөгжлийн төв болгох зорилт тавин ажилласнаар сумын төвийн замаа засмалжуулах, ахмадын сувилал, хүүхэд залуучуудын хөгжлийн төв байгуулах, төрөлх сумынхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд иргэдээ манлайлан, тэднийг төлөөлөх эрх, үүргээ бүрэн ханган ажиллаж байлаа.
Мөн эрхэлсэн ажилдаа эзэмшсэн боловсрол мэдлэг, хичээл зүтгэлтэй ажиллаж 2015 онд Уул уурхайн яамны “Жуух бичиг”-ээр, 2017 онд Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны “Шилдэг залуу удирдагч”- аар шагнагдаж байсан тэргүүний залуу байв.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
