Орхон сумын 8 дугаар сургууль 53 дахь хичээлийн шинэ жилээ угтан авч байна
Дархан-Уул аймгийн Орхон сумын ЕБ-ын 8 дугаар дунд сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд нийт 20 бүлэгт 430 хүүхэд суралцаж ерөнхий боловсрол эзэмшихээр хичээлийн шинэ жилээ баяртайгаар угтан авлаа.
Энэ дундаас 50 гаруй 6 настан шинээр нэгдүгээр ангид элсэн орж байна. 48 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулах тус сургуульд энэ хичээлийн жилд шинэ залуу багш, боловсон хүчнээр хүрээгээ тэлжээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд сум орон нутгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан оролцон мэндчилгээ дэвшүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр тохижуулагдсан "УХААЛАГ ТАНХИМ"-тай танилцлаа. Тус танхимд сурагчид өндөр хурдны интернет, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан бүх судлагдахуун хичээлээр орон зайнаас үл хамааран сонирхолтой байдлаар суралцан дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхах боломжтой болох юм.
Мөн энэ үеэр Орхон суманд ирэх жилээс 480 хүүхдийн хүчин чадалтай шинэ ЕБС-ийн барилга шинээр баригдана гэдгийг онцлон мэдээллээ. Та бүхэндээ амжилт хүсье