МЭНДЧИЛГЭЭ
Анхдагч, алдартны өлгий Булган хангай нутгийн иргэн таны амрыг эрэн мэндчилье!
Монгол Улсын шинэ Үндсэн Хууль батлагдан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж бий болсноос хойш 30 гаруй жилийн түүхэнд аймгийн анхны эмэгтэй Хурлын даргаар сонгогдон ажлаа эхлүүлээд байна.
Аймгийн төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр бүхэн иргэн таны “Мөрөөдөл-Оролцоо-Дэмжлэг”-т үндэслэх учиртай.
Иймд аймгийн хөгжлийн бодлогын төв нь ХҮН байж, бодлого шийдвэр бүхнийг хүний эрхэд суурилан гаргаж, хэрэгжилтийг хангаснаар бид өссөн төрсөн нутагтаа айх аюулгүй, амар тайван, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах юм. Үүний тулд “ИРГЭН ТӨВТЭЙ” төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорино.
Ирэх жилүүдэд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болгох хөгжлийн зорилтын хүрээнд Булганчууд бидний Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил, Бага-Илэнхийн боомтыг сэргээхээр Хутаг-Өндөр сумын 137 авто замыг байгуулах ажлыг тууштай дэмжих болно.
Түүнчлэн хөдөө аж ахуйд суурилсан анхан-дунд-эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг айл өрх, аж ахуйн нэгжийн хаалгаар оруулах бодлогыг хэрэгжүүлнэ.
Угтан ирж буй он жилүүд эв нэгдэл, хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт болон эдийн засгийн бодит өсөлтийг авчирч, БУЛГАН хангай нутаг минь цэцэглэн хөгжих болтугай.
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ш.НАСАНДУЛАМ