АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦАХИМ ФОРУМД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТЫН ХЭЛСЭН ҮГ
Энэхүү Форумд оролцож байгаа нийт оролцогчид болон зочид, зохион байгуулагч нартаа энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Булган аймаг бол Монголын аялал жуулчлалын томоохон төлөөлөгч бөгөөд төв халхын түүх соёлын өлгий нутаг, нүүдэлчдийн идээ ундааны охь дээж айрагны орон юм. Байгаль, цаг уурын хувьд жилийн дөрвөн улиралдаа үзэсгэлэн төгөлдөр оршдог, дотоод, гадаадын аялагчдын зорьж ирдэг хангай, говь хослосон сайхан нутаг билээ.
Булган аймаг аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл гэж тодорхойлдог ч төдийлөн ач холбогдол өгөлгүй өдийг хүрсэн. Энэ салбарыг хөгжүүлэхэд дан ганц хувийн хэвшилд найдаад орхих биш төрөөс тодорхой хүрээнд бодлогоор дэмжиж ажиллах ёстой.
Энэ цаг үед “Визит Булган-2021” форумыг санаачлан төр, хувийн хэвшил, ТББ-уудын өргөн төлөөллийг оролцуулан зохион байгуулж байгаад аймгийн Засаг даргад талархал илэрхийлье.
Манай аймгийн хувьд орон нутгийн нөөц боломжид тулгуурлан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, тэдгээрийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлэн ажлын байрыг дэмжих, малчдынхаа орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн үр өгөөжтэй, байгальд ээлтэй салбар болгох зорилгоор 2019 онд “Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-г аймгийн ИТХ-аар батлан гаргасан.
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд аялал жуулчлалын салбар улирлаас ихээхэн хамааралтай байдаг. Гэсэн хэдий ч манай аймгийн хувьд энэ салбарыг хөгжүүлэх нөөц бололцоо их бий. Говь, хангай хослосон байгалийн аялал жуулчлал, айраг, цагаан идээ тэргүүтэй хоолны аялал жуулчлал, рашаан, ус тэргүүтэй сувилалын аялал жуулчлал, тусгай зориулалтын аялал гээд бүхий л төрөл хэлбэрийн аялалаар Булганы ард түмэн, аж ахуйн нэгжүүд дотоод, гадаадын аялагч нарт үйлчилж байна.
Манай аймгийн хувьд одоогоор 120 гаруй аж, ахуйн нэгж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний 71.0 хувь нь амралт, рашаан сувилалд төвлөрч байна. Хануй, Хульж, Цагаан гол, Их булаг зэрэг рашаанд ирж амрагчид, “Баатар ван”, “Хульж ресорт” зэрэг сувиллын газрыг зорин ирэгсэд жилээс жилд өсч байна. Гэвч манай аймгийн аялал жуулчлалын салбар үйлчилгээний хувьд нэгнээсээ ялгарах зүйлгүй ижил төстэй байгаа нь харагдаж байна.
Цаашид бид байгаль, түүх, соёлын өвийн онцлог бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн, олон талт төрөлжсөн, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжтэй салбар болгон хөгжүүлэхээр зорих хэрэгтэй.
Аялал жуулчлал нь ирээдүйтэй бизнесийн тоонд орж байгаа бөгөөд санхүүгийн эргэлтээрээ дэлхийд 2-т орж байна. Даяаршиж буй дэлхий ертөнц, хүн төрөлхтний амьдралын хэв маягтай холбоотойгоор ойрын ирээдүйд аялал жуулчлал нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болон хөгжиж, аялал нь жилдээ нэг амрах үеэрээ хийдэг ажил биш харин өдөр тутам ажилдаа явдаг шиг л энгийн зүйл болж байна.
“Визит Булган-2021” форумаар аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд учирч болох эрсдэл, ялангуяа КОВИД-19 цар тахалын нөхцөл байдалтай уялдуулан гарч болох хүндрэл, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа нухацтай хэлэлцэн, үр бүтээлтэй санал санаачлага гаргана гэдэгт итгэлтэй байна. Аймгийн ИТХ та бүхэнд бүх талын дэмжлэг үзүүлж, аймгийнхаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах болно.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ САНАА:
- ЯЛГАРАЛ:Манай аялал жуулчлалын салбарт дутагдалтай байгаа зүйл бол ялгаран хөгжих асуудал. Аялал жуулчлалын байгууллагууд бүгд адилхан үйлчилгээтэй байх биш, харин хоорондоо ялгаран хөгжиж хэрэгтэй. Бүгд л нэг ижил үйлчилгээтэй байвал ялгарч харагдаж бусдын сонирхолыг татах нь бага болно. Ялгарч хөгжих гэдэг нь өөрсдийн давуу талд түшиглан ялгарах онцлогоо тодорхойлж түүгээрээ цаашлаад дэлхийд танигдаж, брэнд болох явдал юм.
Жишээ нь: Усан аялал, спорт загасчлал: Сэлэнгэ, Эг, Орхон, Хануй зэрэг томоохон гол есөн сумын нутаг дамжин урсдаг учир аялагч, жуулчлагчдын сонирхол татах шинэ төрөл усан аялал хөгжүүлэх боломжтой байна. Загасчлах сонирхолтой иргэд дэлхий даяар олон бий. Иймд спорт загасчлалыг хөгжүүлэн, зөв зүйтэй загасчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж болох юм. Дотоод, гадаадын тэмцээн, уралдаан ч зохион байгуулах боломжтой байна. /Улсын аварга, Азийн аварга г.м/ Бидний аялал, жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ бусдаас онцлог давуу талаараа ялгаран хөгжих хэрэгтэй. Ингэж чадвал дотоодын болон дэлхийн олон мянган жуулчны үйлчилгээнээс ялгарч, тогтмол үйлчлүүлэгчээ бий болгох боломжтой.
- ИНТЕРНЭТ МАРКЕТИНГ:Манай аялал жуулчлалын байгууллагууд цахим орчинд байгаа 2 тэрбум орчим интернэт хэрэглэгчидтэй харилцаа холбоо тогтоох, мэдээлэл хүргэх, санал хүсэлт сонсох талаас учир дутагдалтай ажиллаж байгаа бөгөөд ядаж л зочдынхоо сэтгэгдлийг онлайн орчинд байрлуулах, зохион байгуулж байгаа сонин сайхан үйл ажиллагаануудаа баримтжуулж интернэтээр дамжуулан нийтэд сурталчлах шаардлагатай байна.
Жишээ нь: Дэлхий нийтээр хэрэглэж буй хайлтын хамгийн том сүлжээ google.com-оос Булган аймгийн аялал, Булган аялал жуулчлал гэсэн холбоо үгээр хайхад илэрц нь “хурал, зөвлөлгөөн” төдийнхнээр харагдаж болохгүй. Англиар “Bulgan tourism” гэхэд ч илэрц нь гадны аялагчдын сонирхол татах контентоор дүүрэн байх хэрэгтэй. Аялагч, жуулчдын сонирхлыг татах, тэдэнд санал болгосон аяллын төсөл, хөтөлбөр, мэдээлэл бүхий англи, монгол вэб хуудас ч байхад гэмгүй.
- НЭГДМЭЛ ӨРСӨЛДӨӨН:Манай аялал жуулчлалын байгууллагууд өөр хоорондоо өрсөлдөх биш нийлээд бусад аймгийн аялал жуулчлалын салбартай өрсөлдөх хэрэгтэй. Өөр өөрийн гэсэн ялгарах онцлог бүхий үйл ажиллагаатай болчихвол хоорондоо өрсөлдөөд байх шаардлагагүй. Жуулчдын хүсэл сонирхолтой уялдан өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болох нь чухал байна. Аялал жуулчлалын компаниуд нэг нэгнийгээ унагах биш, дэмжих байдлаар ажиллах хэрэгтэй. Ирсэн зочиддоо нэг, нэгнийгээ санал болгодог байх нь зөв менежмент юм.
Жишээ нь: Аялал жуулчлалын маршрутыг 2-3 жуулчны бааз түшиглэн зохион байгуулж тухайн аж ахуй нэгжүүд амрагчдад хандсан эвентүүдийг /бэсрэг наадам, шоу үзүүлбэр/ ээлжлэн зохион байгуулбал зардлаа хуваалцаж, ашгаа хамт хүртэж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж нэмэгдэнэ. Хамгийн чухал нь аялал жуулчлалын нэгдсэн бодлого, төлөвлөлтийнхөө дагуу аймгаараа нэгдээд ажиллавал өндөр үр дүнд хүрч чадна.
- ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ: Жуулчид манай аймгийн нутгаар байрлах жуулчдын баазуудаар үйлчлүүлэн, үйлчилгээний хөлсөө төлнө. Тэнд ажлын байр бий болж, ажиллаж буй иргэдийн өрхийн орлого нэмэгдэнэ. Мөн тэдгээр жуулчны баазууд хуулийнхаа дагуу орон нутагтаа татвараа төлнө. Эдийн засгийн үр өгөөж өнөөдөр бол ийм байдлаар хэмжигдэнэ.
Жишээ нь: Аялалыг сэтгэлд хүрсэн нэг л үйлчилгээ илүү амттай болгож, сайхан дурсамжийг хадгалуулдаг. Иймд амрагчиддаа зориулсан содон, шинэлэг үйлчилгээнүүдийг манай аж, ахуй нэгжүүд санал болгодог байх хэрэгтэй. Мөн тухайн газар орон нутгийн онцлог, дурсамжийг сэргээн сануулж байх бэлэг дурсгалын бүтээгдэхүүнтэй байх хэрэгтэй. Жуулчид өөрийн аялсан газраа эргэн санах зорилгоор тухайн газраас бэлэг, дурсгал авах сонирхолтой байдаг зэрэг нь энэ төрлийн бизнесийг хөгжүүлэх боломжтойг харуулж байна.