БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Батцэнд: "АЛТАН НАМАР" өдөрлөг жил бүр уламжлал болгон явагддаг.

2015-10-23

 Улаангом сумын 1-р баг буюу Чандманиас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Маамуугийн Батцэнд энэ сарын 16-ны билэгт сайн өдөр тойргийнхоо ард иргэдийн дунд “Алтан намар-2015” ургацын баярыг хийлээ. 
  Энэ үеэр түүнтэй уулзаж, тойрогтой хийсэн ажлынх нь талаар ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.

-“Алтан намар” ургацын баярыг та өөрийнхөө тойрогт хийж байна. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаа жил бүр явагддаг уу?
-“Алтан намар” үйл ажиллагаа жил бүр уламжлал болгон явагддаг. Анх 2010 онд хийж эхлэсэн. Түүнээс хойш Улаангом сумын бүх багууд дээр зохиогддог болсон. Цаашдаа баг тус бүр дээр биш, Улаангомын хэмжээнд нэгдсэн нэг томоохон үйл ажиллагааг намрын ургац хураалтын дараа хийдэг болвол зүгээр юм. 
  Манай багийн хувьд “Ургацын баяр”-аараа бүх салбарын хүмүүсийг хамруулсан томоохон арга хэмжээг зохион байгуулдаг. Тухайлбал, барилгачид, малчид, багш нар, тариаланчид, ногоочид, бизнес эрхлэгчид гэх мэт бүхий л салбарын хүмүүс оролцдог. Өнөөдрийн энэ өдөрлөг дээр Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний тариаланч залуу”, “Тэргүүний малчин залуу” шагнал болон Барилга хот байгуулалтын яамны “Тэргүүний барилгачин” цол, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”, Замын цагдаагийн ерөнхий газрын “Осолгүй манлай жолооч” зэрэг шагналаар  20 гаруй хүнийг шагнаж урамшууллаа. Үүнээс гадна аймаг, сумын Засаг даргын Баярын бичиг, Өргөмжлөлөөр цөөнгүй хүнийг шагнасан. Балжинням, дашням давхцсан энэ билэгт сайн өдөр манай багийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд дээр төрийн болон аймаг орон нутгийн шагналын хур буусан сайхан арга хэмжээ болж байна. 
Өмнө нь бид спортын таван төрлийн тэмцээнийг багийнхаа ард иргэдийн дунд явуулсан бөгөөд энд 100 гаруй тамирчид оролцсон. Эдгээр хүмүүстээ өнөөдөр шагналыг нь мөн гардуулан өглөө.  
      Ер нь бол Монгол Улсад маань тэмдэглэлт баяр ихэссэн энэ цаг үед барилгачид тусдаа баярлаад, багш нар, эмч нар, цаашлаад ногоочид, тариаланчид тус бүртээ баяр хийгээд байвал ажил явахгүй. Иймээс манай багийнхан бүх баяраа нэгтгээд тэмдэглэдэг уламжлалтай. 
     Манай багийн ард иргэдийн орлогын гол эх үүсвэр нь газар тариалан, мал аж ахуй. Тодруулбал, Чандманьд 540 гаруй өрх амьдардаг бөгөөд үүнээс 60 гаруй хувь нь газар тариалан эрхлэдэг ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч иргэдтэй баг байгаа юм. 
-Та аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохдоо ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байв. Одоо хэдэн хувийн биелэлттэй явж байна?
-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож  байхдаа хэд хэдэн  гол зорилт дэвшүүлсэн. Үүнээс хамгийн том зорилт нь хар замын асуудал байсан. 
  Чандманийг Улиасны хэвийн хар замтай холбох асуудлыг аймгийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулж, “Гудамж” төслөөр зураг төслийг нь хийлгэсэн байсан. Гэвч  Сангийн яамнаас захын хороололд зам тавих ажлыг “Гудамж” төслөөр хийхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Иймээс Улаангом сумын Засаг даргатай яриад концессийн гэрээгээр сайжруулсан шороон зам тавихаар болсон. Энэ ажил одоо эхлээд явж байна. Улаангом сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа. 
   Мөн нийтийн тээвэр, банкны үйлчилгээ байхгүй байсныг шийдвэрлэсэн. 2013 оноос эхлэн өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд Чандмань -Улаангом хооронд нийтийн тээврээр үнэгүй зорчдог болсон. 
 Түүнчлэн услалтын ситемийн ажил дээр тодорхой хэмжээний хөрөнгө тавиулж ажиллаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Усыг газар тариалан эрхэлж байгаа иргэн бүрт очуулахын тулд тодорхой хэмжээний зардал гаргадаг. Энэ зардлыг шийдэхийн тулд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол орон нутаг, улсын төсвөөс тавьсан хэдэн төгрөг үр дүнтэй сайн ажил болохгүй байна. 
   Ус бол газар тариалан эрхэлж байгаа хүмүүсийн хамгийн хүндрэлтэй асуудал. Үүнийг аймаг, сумын хэмжээнд дахин судлаж үзээд нэлээд том бодлого гаргах хэрэгтэй. Манай хойд, урд хоёр хөршийн газар тариалан эрхлэгчид усны алдагдал гаргахгүйгээр жижигхэн голыг яаж үр ашигтай ашиглаж газар тариалангаа эрхэлж байгаа туршлагыг судламаар байна. Эхлэл төдий хийгдсэн ажил гэвэл Урд хөршийн усны мэргэжилтнүүд Увс аймагт ирж усны асуудлыг яаж шийдэх талаар уулзалтууд хийсэн нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байгаа. Ирэх он жилүүдэд энэ асуудал бүрэн шийдэгдэх байх гэж найдаж байгаа. 
  Дараагийн нэг асуудал нь газар тариалан эрхэлж байгаа хүмүүс төмс, хүнсний ногоогоо урт хугацаагаар хадгалах зоорь зайлшгүй хэрэгтэй байгаа. Стандартын шаардлага хангасан, 350-1000 тоннын багтаамжтай сайн зоорь барих хэрэгтэй. Энэ асуудал удахгүй  шийдэгдэх байх. 
  Дээр нь эмнэлгийн асуудал байна. Нэгдүгээр багийн төвийг түшиглэн дөрвөн зам дахь “Бат-Үржихүй” өрхийн эмнэлгийг Чандманьд аваачмаар байгаа. Ингэснээр Чандманий төдийгүй Нүцгэний эх, Долоодой зэрэг ойр орчмын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авах боломж бүрдэх юм. Энэ асуудлыг бид сүүлийн хоёр жил яриад явж байна. Гэвч хөрөнгө санхүүгийн асуудал дээр гацаад байгаа. 
   Миний мөрийн хөтөлбөрийн биелэлт одоогоор 60 орчим хувьтай байна. Үлдсэн хугацаанд 100 хувь биелүүлж чадахгүй юмаа гэхэд тодорхой хэмжээгээр ажлаа ахиулна гэдэгтээ итгэлтэй байгаа. 
  Уг нь манай баг хуучин Чандмань сум гэж явж байсан.  Сүүлд Улаангомын нэг баг болгосноор хөгжил нь удааширч, хүн ам нь цөөрсөн. Иймд буцаагаад сум болгочихвол иргэд төрийн бүх төрлийн үйлчилгээг аваад зогсохгүй өөрийн гэсэн төсөв санхүүтэй болж хөгжил нь хурдсах юм.  
-Танай тойргийн ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа ямар томоохон асуудал байна?
-Ер нь бол миний хөөцөлдөөд байгаа усны асуудал, эмнэлгийн асуудал, замын асуудал гурав л байна даа. Бусдыг нь бол манай ард иргэд өөрсдөө болгоод явж байна. 
 Аймгийн хэмжээнд даралтын аппарадыг анх би санаачилж оруулж ирж байсан. Эмнэлэгт үзүүлж байгаа өвчтнүүдийн 20 орчим хувь нь бие нь эвгүй болохоор даралтаа үзүүлэх гэж эмчид очдог гэсэн судалгаа бий. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд 15 даралтын аппарадыг оруулж ирж Улаангомын багийн эмнэлгүүд болон Чандманий 1-р баг, зарим үйлчилгээний газруудад тавьсан. Энэ нь үр дүнгээ өгсөн ажил болж эмнэлэгт очиж үзүүлэх хүмүүсийн тоо харьцангуй багассан. 
-Чандманий газрыг эрх мэдэлтнүүд болон хөрөнгө мөнгөтэй хүмүүс өмчлөөд авчихсан. Жирийн тариаланч, ногоочид газар түрээслэж ногоогоо тарьж байна гэсэн асуудал нэг хэсэг хөндөгдсөн. Энэ талаар танд ямар мэдээлэл байна?
-2013 онд аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гарч, хуучин Улаан толгойн сангийн аж ахуй байсан газраас 70 орчим га газрыг хураан авч Чандманий иргэдэд өгсөн. 
 Тодруулбал, “Увс шилтгээн” компаниас 35 га, “Солонго талст” компаниас 30 га газрыг хураан авч Чандманий 52 иргэнд эзэмшүүлсэн. Харин “Увс чацаргана” компаниас  100 гаруй га газар хураан авахаар болсон ч энэ асуудал бүрэн шийдэгдээгүй шүүхийн шатанд явж байгаа.
 Ер нь бол газар тариалан эрхэлж байгаа ард иргэдэд газрыг үнэ төлбөргүй өгч, тал бүрээр дэмжиж ажиллах ёстой гэж би хувьдаа бодож явдаг.
-Ингэхэд та одоо ямар ажил алба эрхэлж байна вэ? 
-“Эрдэнэс Таван толгой” компанид борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад “Баяжуулах болон метан хий” төслийн удирдагчаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна.
-За тэгэхээр тойргийнхондоо хандаад юу гэж хэлэх вэ? 
-Манай багийн ард иргэд аливаа нэгэн зүйлд маш их идэвхитэй, бас өөрийн гэсэн зорилготой хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн ажиллах, амьдрах таатай орчныг нь бүрдүүлээд өгвөл хэнээс ч юу ч гуйхгүй амьдрах бүрэн чадвартай, ажлын ачаалал дааж чаддаг хүмүүс байгаа юм. 
  Хамгийн гол нь нөхцөл бүрдэж өгөхгүй байна. Энэ хүмүүст ус, зам, дээр нь бүтээгдэхүүний борлуулалтын асуудлыг шийдэж өгөх шаардлагатай. Гантай жил болсон тул ургац жаахан тааруу гарсан. Гэвч манай багийн ажилсаг, хөдөлмөрч ард иргэд маань бололцооны хэмжээний ургац аваад өнөөдөр хөдөлмөрийн баяраа тэмдэглэж байгаад баяртай байна. 
 Тойргийнхоо ард иргэдэд хандаад илүү их хөдөлмөрлөж, сайн сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
-Танд баярлалаа.
                                                                  Б.Батхүү / "Увсын өнгө сонин"-оос/

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%