БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Д.Элдэвсайхан: Дархан анх байгуулагдсан цагаасаа хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдөж ирсэн

2017-11-30

Дархан-Уул аймгийн Ерөнхий архитектор Д.Элдэвсайхантай ярилцлаа.

-Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар яриагаа эхэлье?

-БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 196/260-р тогтоолоор Дархан хотыг байгуулах тогтоол батлагдаж 1961 оны 10 дугаар сарын 17-нд анхны шав тавигдсанаар Дархан хот байгуулагдсан. Дархан хотыг барьж байгуулах ТЭЗҮ, зураг төслийн ажлууд 1960 оноос эхэлж хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1963 онд ЗХУ-н ГОРСТРОЙПРОЕКТ институт бүхий 13-н институтэд боловсруулж барилга байгууламжийн ажил эхэлсэн байдаг. Хоёр дахь ерөнхий төлөвлөгөөг 1983 онд ЗХУ-ын Москва хотын “ЦНИИП Градостройтельство” институтэд боловсруулан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар баталж, төлөвлөлтийн хугацааг 2000 он хүртэл, хүн амыг 100000-д хүрэхээр тооцоолсны зэрэгцээ аж үйлдвэрийн төв зангилаа хот байхаар төлөвлөсөн. Дархан хотын архитектур орон зайн төлөвлөлтийн өнөөгийн байдал нь 1983, 2004 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож байна. Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Дархан хотыг дэлхийн жишигт нийцсэн Монгол Улсын анхны жишиг хот болгон хөгжүүлэх” заалт тусгагдсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Дархан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон 2050 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын төслийг боловсруулах ажлыг “Арт констракшн” ХХК боловсруулж байна.

-Дархан хот ер нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу хөгжиж чадаж байна уу. Дархан хотын хот байгуулалтын өнөөгийн байдал ямар төвшинд байна вэ?

-2012-2016 онд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу найман байршилд 197 га талбайд 10500 айлын амины болон нийтийн орон сууцны хороолол төлөвлөж 2015 онд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулан ажиллаж байна. Шинэ хороолол хотхон барьж байгуулахад эхний ээлжид дэд бүтцийг заавал шийдвэрлэх шаардлагатай байдаг. Энэ ажлын хүрээнд тус байршлуудад дулаан болон цахилгаан хангамжийн асуудлыг улсын төсвийн 20 орчим тэрбум төгрөгөөр шийдвэрлэсэн. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар эдгээр төлөвлөгдсөн хорооллын гол зам болох 2.4 км замыг саяхан ашиглалтад орууллаа. Урьд өмнө нь хотын төвд олгогдсон 360 орчим нэгж талбарыг хотын төвийн хэсгийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд шинэ төлөвлөлтийн дагуу байршуулсан. Манай аймаг 2015 онд хот байгуулалтын чиглэлээр боловсруулсан бодлого болон түүний хэрэгжилтээр улсдаа тэргүүлсэн сайхан амжилт гаргасан. Мөн 2016 онд III байранд, 2017 онд улсдаа нийслэлийн дараа хоёрдугаарт аймгуудын хэмжээнд I байранд шалгарсан. Одоо шинээр баригдаж байгаа болон баригдах гэж байгаа барилгуудад зураг төсөл боловсруулах шатанд архитектур төлөвлөлтийн даалгаврыг чанд мөрдүүлэх тал дээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Ингэснээр тухайн газар дээр газар эзэмшигчийн хүслээр биш хотын шаардлагад нийцсэн төлөвлөлтийн дагуу барилга баригдах нөхцөл нь бүрдсэн гэж ойлгож болно.Дархан хот анх байгуулагдсан цагаасаа хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдөж ирсэн цаашдаа ч мөрдөж ажиллах болно гэдэгт итгэлтэй байна. Дархан хотын хот байгуулалтын бодлого болон түүний хэрэгжилт нь нийслэл Улаанбаатар болон бусад аймгуудыг бодвол маш цэгцтэй явж байгаа гэж миний хувьд дүгнэдэг.

-Сая та найман хороололд төлөвлөлт хийсэн гэж ярилаа. Дархан дэд бүтцийн хувьд хэр нөөцтэй хот вэ. Эдгээр хорооллыг дэд бүтцээр хангах боломж бий юу?

-Мэдээж төлөвлөлтийг гүйцэтгэх шатанд чиглэл чиглэлийн мэргэжлийн байгууллагууд бүгд оролцсон. Дархан хот нь одоогоор дулааны эрчим хүчнийхээ 64, цэвэр усан хангамжийн 30, цэвэрлэх байгууламжийн 60 хувийг ашиглаж байна гэсэн тооцоолол бий. Мөн манай аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бохир усны менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа. Дулааны цахилгаан станцын 35 МегаВаттын өргөтгөлийн санхүүжилт шийдэгдлээ. 2016 онд 10 МегаВатт-н хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтанд орлоо. Дархан сумын Хөтөл хороололд гадны хөрөнгө оруулалтаар ахуйн хог хаягдлыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжихээр ТЭЗҮ-ээ боловсруулж байна гэх мэтчилэн дэд бүтцийн хувьд хангалттай нөөцтэй гэж ойлгож болно.

-Төлөвлөгдсөн хорооллуудаас барилгажиж байгаа хороолол байгаа юу?

-Дархан сумын 9,10 дугаар багт орших эдэлбэр газартай амины орон сууцны 25 дугаар хорооллын хашаажуулалт болон ИШС-ний угсралтын ажлыг 2016 онд Бурхант Хясаат ХХК бүрэн гүйцэтгэж дуусгалаа. Одоо хорооллын гол замын угсралтын ажлыг Дархан АЗЗА ТӨААТҮГ гүйцэтгэж байна. Эхний ээлжийн айлууд нь барилга угсралтын ажлаа дуусгаад ашиглалтад оруулах шатанд явж байна. Энэ төсөл маань Дархан хотдоо төдийгүй улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төсөл юм. ИШС болон хашаажуулалтын санхүүжилтийг газар эзэмшигчид нь өөрсдөө санхүүжүүлснээрээ онцлогтой төсөл болсон.

-Дархан хотод гэр хорооллын дахин төлөвлөлт хийх боломжтой юу. Боломжтой бол ямар арга замаар хэрэгжүүлэх вэ?

-Мэдээж боломжтой. Монгол Улсад гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах үйл явц Улаанбаатар хотод 2012 оноос хойш хэрэгжиж байгаа. Мөн хууль эрхзүйн орчинг сайжруулах зорилгоор 2015 онд “Хот Суурин Газрыг Дахин Хөгжүүлэх Тухай Хууль” батлагдсан. Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын гүйцэтгэгч нь заавал хуулийн этгээд байх ёстой гэсэн заалттай. Манай хотын хувьд дахин төлөвлөлтийн ажлыг хийх нөхцөл шаардлага нь Улаанбаатарыг бодвол харьцангуй бага. Тийм учраас барилгын компаниуд манай аймагт дахин төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх сонирхол одоогоор бага байдаг байх. Гэр хорооллын иргэд дахин төлөвлөлт хийлгэх сонирхол маш их байдаг. Дахин төлөвлөлт хийх үед иргэдээс газрыг нь худалдаж авах эсвэл газрынх нь оронд байр өгөх маягаар шийддэг. Хэрэв иргэн, аж ахуйн нэгж хүсэлт гаргавал дахин төлөвлөлт хийх боломж нь бүрэн нээлттэй.

-Хот төлөвлөлт, газар олголт, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэхтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд маань хэрхэн уялдаатай ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 68 дугаар тогтоолын дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох болон, барилгын ажлыг байнгын ашиглалтад авах комисс ажиллуулахдаа тухайн барилгын улаан шугамын зөрчлийг хянаж зөрчлийг арилгуулах, баригдах барилга байгууламжийг тухайн орон нутгийн онцлог, оршин суугчдын зан заншил, үндэсний архитектурын уламжлал, орон зайн зохиомж, орчны барилгажилттай нь уялдуулан батлагдсан зураг төслөөр бариулах чиглэлийг онцгой анхаарч, орчны тохижилт, зам талбай, гэрлэн чимэглэл, архитектурын жижиг хэлбэрүүдийг иж бүрнээр гүйцэтгүүлэх тал дээр аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газар болон бусад холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

-Цаашдын ажлын төлөвлөгөөнийхөө талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Дархан хотын одоо байгаа суурьшлын бүстэй хил залгаа 7, 14, 30 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон амины орон сууцны 31 дүгээр хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөл, Мангирт, Хабитатын чиглэлийн ИШС-ний гол шугамын ажлын үргэлжлэл болох тараах шугамын ажлыг гүйцэтгүүлэх тал дээр аймгийн ЗДТГ, Захирагчийн алба болон ГХБХБГ-тай хамтран ажиллаж байна. Мөн Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын угсралт болон тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах бэлтгэл ажлыг дуусгахаар ажиллаж байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%