БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Ховд сумын ИТХ-ын дарга П.Давааням: Нутгийн өөрөө удирдах байгууллагын үнэ цэнэ

2017-11-27

Нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа та бүхэндээ нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүссэний 25 жилийн ойн мэндийг хүргэж,  сайн сайхныг хүсье.
Монголчууд бид тэртээ 1992 онд шинэ үндсэн хуулиа баталж улс орноо төлөөллийн зарчмаар удирдан чиглүүлэх замыг сонгож, энэ үндсэн хуулиндаа төр, засгаа бүх ард түмний мэдэлд байхаар тунхаглаж, энэхүү эрх мэдлээ төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэхээр заасан байдаг. Хэдийгээр Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжөөд 25 жилийн түүхийг үлдээгээд байгаа ч цаашид анхаарах шаардлагатай олон зүйлс байгаа нь амьдрал дээр харагдаж байна. Нэгэнт үндсэн хуулиар олгогдсон том эрх мэдлээ хэрэгжүүлж Нутгийн өөрөө удирдах байгууллагыг үндсэн утгаар нь хөгжүүлж бэхжүүлэхэд энэхүү байгууллагын аливаа зүйлээс хараат бус, бие даасан байх шаардлагууд байсаар байна.
1.    Эдийн засгийн хувьд бие даасан байх шаардлагатай.
ИТХ нь иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого тодорхойлж хэрэгжилтэнд хяналт тавьж үнэлж дүгнэхэд иргэд олон нийтийн санал бодлыг сонсох, тэдэнд мэдлэг мэдээлэл өгөх шаардлага үүсдэг. Иймд эдийн засгийн талаасаар одоогийн ИТХ-ын төсөв бол маш хангалтгүй байгааг та бид мэднэ. Нийт төсвийн 80 орчим хувь нь цалингийн зардал байгаа. Нэгэнт бид иргэдийнхээ оролцоотойгоор төрөө удирдах, хянах замыг сонгосон бол энэ байгууллагаа санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангаж өгөх хэрэгтэй. Нөгөө талаар тухайн ИТХ орон нутгийнхаа орлого бүрдүүлэлтэнд хяналт тавьж хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлого гарган, өөртөө хэрхэн хуваарилж авах тухай бас бодох нь зүйтэй юм. Ингэснээрээ бид орчин нөхцлөө сайжруулж үйл ажиллагааны тогтмол байдал хангагдаж, төлөөлөгчид тэргүүлэгчдийг урамшуулж идэвх санаачлагыг дуушлүүлэх гэх мэт давуу талууд үүснэ. Мөн иргэдэд чиглэсэн арга хэмжээг бие даан шийдэх боломж бүрдэж, тэдний талаарх Нутгийн өөрөө удирдас ёсны байгууллагын ойлголт ч өөрчлөгдөх юм.
2.    Эрх мэдлийн хувьд бие даасан байх хэрэгтэй.
Эрх мэдлийн хувьд хэдийгээр ИТХ-ыг аль ч шатанд НОМЕР НЭГ байгууллага гэдэг ч амьдрал дээр НОМЕР ХОЁР болох нь элбэг. Яагаад гэвэл сүүлийн үед аль ч шатны гүйцэтгэх субьектэд эрх мэдлийг хэтэрхий төвлөрүүлдэг байдал нэлээдгүй болсон байдал нь орон нутгийн хөгжилд муугаар нөлөөлж байна.
Монгол улсын үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасан байдаг.
Орон нутгийн түвшинд зарим гол шийдвэрүүд төсөл, тендер, ажлын байр гэх мэт нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд шийдэгддэг нь иргэдийн оролцоог чухалчилж аливаа асуудалд иргэдийн санал бодлыг тусгах зарчмууд алдагдаж байгаа юм. Жишээ нь: төсөл тендерийг шалгаруулахад ИТХ эхнээс нь давхар оролцож хянах үүргээ хэрэгжүүлэх ёстой юм шиг ажиглагддаг. ИТХ нь иргэдийн эрх ашигт нийцүүлж аливаа зүйлийг хийхийг хичээдэг, шаарддаг. Мөн ИТХ бол хяналт тавих чиг үүргээрээ оролцохдоо үйл ажиллагааныхаа араас нь хэрэгжүүлээд байдаг нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил болдог. Харин хийж гүйцэтгэж буй ажлаа хянуулаад байх сонирхол тэр бүр хүнд байдаггүй нь нууц биш юм. Гэхдээ томоохон арга хэмжээ, шийдвэрийг хамтын оролцоотойгоор шийдэх нь үндсэн хууль болоод орон нутгийн иргэдийн эрх ашигт ч нийцэхийг тал талаасаа ойлгож ажиллах нь чухал юм. Харин үндсэн хуулинд Багийн засаг даргыг сумын Засаг дарга нь томилох санал одоо орж байгаа нь тийм сайн зүйл биш юм.
Зарим төсвийг баталдаг том эрх мэдэлтэй мэт харагдав ч үнэндээ ёсчлох төдий баталдаг байдал нь ч эрх мэдлийн хувьд хангалтгүй байгаа жишээ юм.
3.    Мэдлэг боловсролын хувьд бие даасан байх.
Нэгэнт бид иргэдийнхээ дэмжлэг туслалцаагаар, тэдний итгэл үнэмшлээр сонгогдож төрийн бодлогыг тодорхойлох учраас мэдлэг мэргэжлийн хувьд бусдаас давуу, бие даасан байх ёстой. Ингэхийн тулд магадгүй намууд төлөөлөгчдөө нэр дэвшүүлэхдээ ах дүү олонтой хүнийг гэхээсээ илүү мэдлэг чадвар, хүнийг төлөөлөх чадварт суурилж намын бодлогоо хэрэгжүүлэхэд хэн нь ажиллаж чадах зэргээр хандах хэрэгтэй байгаа юм. Иргэдийн сэтгэлгээ ч энэ талаар өөрчлөгдөх хэрэгтэй.
Мөн төлөөлөгчид ч хурдан суралцаж, уншиж мэдэж өөрийн боловсрол мэдлэгтээ анхаарах хэрэгтэй болно.
Мэдээж мэдлэг боловсролтой, мэдээлэлтэй хүн бие дааж шийдвэрээ гаргах чадвартай байх ба гаргасан шийдвэр нь олон нийтэд хэрэгтэй, хэрэгжих боломжтой бодит болж чадна гэсэн үг юм.
4.    Ёс суртахууны хувьд бие даасан байх шаардлагатай.
Ёс суртахууны хувьд би “бусдын төлөөлөл” гэдгээ өндөр ухамсарлаж аливаа асуудалд хандаж, шийдвэр гаргахдаа би “нийтийн төлөөлөл учир тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах ёстой” гэдгээ ухамсарлаж бие даасан чадвар эзэмших хэрэгтэй. Өөрдсдийн хариуцлагыг нэмэгдүүлж аливаад хараат бус, хувийн ашиг сонирхлоор бус иргэдийн ашиг сонорхолд нийцүүлж чаддаг, сахилга хариуцлага өндөртэй байх байх нь чухал юм.  
5.    Хууль эрх зүйн хувьд бие даасан байх шаардлагатай
Өнөөгийн түвшинд бидний мөрдөж байгаа гол хууль нь ЗЗНТУТХ байдаг. Гэтэл энэ хуулинд ИТХ болон ИНХ-тай холбоотой зарим заалт нь ерөнхий байдлаар тусгагдсан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хууль эрх зүйн хүрээнд хангалттай биш ойлгомжгүй заалтуул олон байдаг. Мөн зарим үед орон нутагт зарим хууль дүрмээсээ давсан журам ч бий болж ИТХ, Засаг даргын эрх үүргийн зөрүүг үүсгэсэн ойлгомжгүй зүйлс гарах болсон.
Иймд Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай бие даасан хууль ч шаардлагатай байгаа юм.
Дээрх бие даасан байдлуудыг хангаж чадвал нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа улам сайжирч иргэд, олон нийтийнхээ амьдралд бодит хувь нэмэр оруулахад дөхөм болж ардчилсан, эрх чөлөөт, нээлттэй, шударга, иргэний нийгмийн энэ цагийн үйл хэрэг бүтэх буй заа.
Иргэний нийгэмд хүн бүр өөрийнхөө ашиг сонирхлын төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг ард түмэнд ойлгуулж тэрний төлөө ажиллах нь бидний үндсэн арга хэмжээ юм.
Нутгийн удирдлагын хөгжлийг энэ цаг үед тодорхойлж байгаа та бид энэхүү байгууллагын үнэ цэнийг иргэд олон нийтэд мэдрүүлж сум аймаг, улс эх орныхоо хөгжлийн төлөө хичээн зүтгэж, бусдаа манлайлан шинийг санаачилж ажиллахыг хүсэн ерөөе.



Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%