Алтан шаргал намар айлчлан, тариалангийн талбайгаас шинэ ургац хураан авч, хөдөлмөрийн үр шимээ дэлгэсэн энэ цаг дор “Анхдагчдын алтан намар” 2026 үзэсгэлэн худалдаа Булган аймагт зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон салбарын удирдлагууд оролцож, оролцогчид, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдэд мэндчилгээ дэвшүүллээ.
Тус үзэсгэлэн худалдаагаар орон нутгийн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг олон нийтэд танилцуулж, сурталчлан борлуулахын зэрэгцээ үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг холбон, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна.
