Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Орда Михаил Сергеевич өнөөдөр Булган аймагт хүрэлцэн ирж, аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Булган аймаг болон Беларусийн бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Тухайлбал, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг Бүгд Найрамдах Беларусь Улсын худалдаа, бизнесийн байгууллагуудтай холбон, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Беларусийн их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах боломжийг судлах талаар санал солилцлоо.
Мөн хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх, Беларусийн аль нэг бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагаа тогтоох, цаашид Булган аймаг болон Беларусийн бүс нутгийн нэгж хооронд “Ах дүү хот”-ын харилцаа тогтоох боломжийн талаар ярилцав.
