Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаас Булган аймгийн алслагдсан сумдын ерөнхий боловсролын сургуулиудад 310 ширхэг кромбүүк хандивлалаа.
Тус байгууллага нь боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн боловсролын орчны ялгааг бууруулах зорилгоор 2023 оноос Монгол Улсад “Кромбүүк” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд Булган аймгийн 15 сум, 1 тосгоны нийт 16 сургуульд 310 ширхэг кромбүүк хүлээлгэн өгч байна.
Энэхүү техник хэрэгсэл нь сурагчдын цахим боловсрол эзэмших, мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, код бичих болон бие даан суралцах боломжийг нэмэгдүүлэх чухал дэмжлэг болох юм.
Ялангуяа “Булганы сэргэлт 2024–2028” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Код бичих” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуучуудын технологийн мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, ирээдүйн ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч буй энэ үед дээрх хандив нь хөтөлбөрийн зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Мөн “Хүний хөгжлийн сэргэлт”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” чиглэлийн хүрээнд Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаас Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 30 ширхэг тэргэнцэр хандивласан бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээнд зориулан олгогдох юм.

