Булган аймгийн Булган сум дахь Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 20 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
Ойн хүрээнд зохион байгуулсан баярын жагсаалын үйл ажиллагааг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мэндсайхан нээж, нийт бие бүрэлдэхүүн, ахмад ажилтан, алба хаагчдад ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах монгол төрийн ариун бөгөөд нэр хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлэхэд бие сэтгэл, оюун ухаан, залуу халуун насаа зориулсан болон зориулж буй Булган аймгийн Онцгой байдлын газрын болоод түүхэн ойгоо тэмдэглэж буй Гал унтраах, аврах 20 дугаар ангийн үе үеийн удирдлагууд болон гамшгийн голомтод ажилладаг энэ цагийн эгэл баатрууд аврагч, гал сөнөөгч, офицер, ахлагч нараар үргэлж бахархаж явдгаа илэрхийллээ.
Хагас зуун жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн алба хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг алдаршуулсан энэхүү түүхэн ой нь Онцгой байдлын байгууллагын эрхэм үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, залуу үед эх оронч үзэл, үүрэг хариуцлагын үлгэр дуурайл үзүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
